Monday, January 24, 2011

Чиний эзгүйд



Далавчаан гэмтээсэн шувуу шиг даль жигүүрээн хумиад
Дасал болоогүй хагацлын тухай үлгэр сонсож
Ургаж хагдардаг орчлонгийн тухай зүйрмэглэн бодож
Учирал баярын тухай ор тас мартаад
Чиний эзгүйд би зөндөөн их уйтгарлалаа
Чихний ээмэг хүртэл хайрч байх шиг санагдлаа
Чиний эзгүйд
Санасан сэтгэл хаврын бороог үгүйлж
Саарьтталаа би гадаа зогссон
Навч хагдарахад явсан чамайг
Навч нахиалтал хүлээсэн байна
Чиний эзгүйд
Нар хүртэл надаас илчээ харамлаж
Нас хүртэл гундаж, зүс хүртэл гандчихжээ
Хайр амласан тэр хүүгээс өөрийгөө нууж
Хагацал гунигийн тухай л шүлэг тэрлэсэн шүү
Чиний эзгүйд.......

Хацрыг нь нулимсаар зүсээд яахнав дээ

Сэр сэрхэн салхинд сэмрээд байгаа сэтгэлийг
Сэрүүхэн энэ үдэш ганцаардаад байгаа зүрхийг
Сэвхэт цагаан сарны дор нууж унагасан нулимсыг
Сэмээрхэн орчлонгоос буцаж яваа хүний үрийг
Бөхөж , унтарч байгаа хайрын галыг
Бөртийтэл ганцаараа үлдсэн дулаахан итгэлийг
Хатуу үгээр ташуурдаад,
Хацрыг нь нулимсаар зүсээд яахнав дээ
Хайрлалаа гээд, харамллаа гээд хатуурхаж чадаагүй
Хаяад явсан чамд гомдож үлдээгүй
Хөнгөн инээднийхээ цаана зүрхнийхээ шархыг нуучихсан
Хөөрүү дэвэргэн насыг аашилж загнаад яахнав дээ

Friday, January 14, 2011

Зүрхийг чинь зөөлхөн тогшлоо, сэтгэлийн чинь хаалга үүрд хаалттай байна

Асгаруулсан нулимс бүхнийг минь алдалгүй тосч аваарай

Аян замд чинь миний хайр хэрэг болж мэднэ

Уйтгарлаж, чамайг хүлээж цөхөрсөн тэр өдрүүдийг санаж яваарай

Уртын урт амьдралд хайрын энэ түүх чамд дурсамж болж үлдэнэ

Аянч хун шиг үдлээд л буцах хүний хорвоод

Ахиад хэн нэг нь чамайг над шиг хайрлахгүй ч байж мэднэ

Сэрүүхэн үдшээр зүрхний чинь хаалгыг зөөлхөн тогшиж

Сэтгэлийг чинь хаалга нээгдэх тэр өдрийг өчнөөн удаан хүлээж

Хайрын энэ цэцэрлэгийг итгэлийн галаар услаж

Хязгааргүй хөврөх он цагийн урсгалд өөрийгөө элээж

Сар жилийг мартан чамайг хүлээлээ анд минь

Салаа замын үзүүрт бид хоёр уулзахгүй байхаа хайрт минь

Бусдын хайранд чамайг өлгийдөж үлдээлээ

Хөврөх утас адил үл тасрах өдөр хоногийн жимийг дагаж
Хөөрүү, гэнэхэн дурлалаа ганцхан өөртөө л хадгалж
Тэнүүлч сарны сүүн гэрлээр өөрийгөөн гоёод
Тэвчээр шалгасан тэр хайрыг элгэндээн тэврээд би буцаж байна
Омогшин асаж байсан зүрх минь аль хэдийнээ эзгүйрч
Оч мэт үсчиж байсан мөрөөдөл минь унтарчихаж
Чамайг хайрлаад дүрэлзэж байсан итгэлийн гал бөхчихөж
Чин үнэийг хэлэхэд дурлалын чинь тоглоомонд би ялагдчихаж
Харамлаж, хагацна гэхээс айж, чичирч байгаа ч
Хайртай бүсгүй дээр чинь чамайгаа хүргэж өгье
Бусдын хайранд чамайг өлгийдөж үлдээлээ
Битгий гуниарай миний амраг...

Thursday, January 13, 2011

Сүүлчийн гуйлт...

Зангираад гардаг нулимсаан би залгичихсан
Замын унаанд суугаад чи холоо яв
Үймрүүлээд байгаа үнсэлтийг минь хацраасаа арч
Үнс нурам болоод намайг хийсчихсэн гээд бод
Төө зайгүй ижилссэн сэтгэлээ аргадаж
Төөрч л учирсан хүний үрийг хайрлаж
Хожимдсон дурлалын хатуу түүхийг
Хор адил гашуун дарсаар даруулчихлаа
Ялдамхан энэ үдшийг чи минь инээмсэглэлээрээ гоёорой
Явахдаа хаалгаа чангахан шиг хаагаарай
Тас савсан хаалганы энэ ёолох дуу
Тасарч амжаагүй итгэлийг минь чамаас үүрд тусгаарлаг
Бас намайг тэвчээргүй гэж аашлаарай
Бардам зан минь гэнэтхэн бадамлан асаж мэднэ
Тэгээд би чамайг үзэн ядаж
Тэнгэрийг хүртэл хараан зүхэж
Амраг сэтгэлээ тасар татан хөсөр хаяж
Ахиад чиний тухай дуулахаан байна
Сүүдэр адил энд хоргодох хэрэггүй дээ амраг минь
Сүүлчийн гуйлтыг минь яг одоо биелүүлээд өг

Хоёр биес учирахын жаргалаар хорвоог элээтлээ хайрла

Хүрч чадамгүй алсаас ч хажууд байгаа шигээр хайрла
Хүлээх гэдэг хэцүү ч эргээд иртэл нь хайрла
Халуун залуу насаараа жаргал дэвэртэл хайрла
Хайлган хонгор түүнийхээ итгэлийг буцалтал хайрла


Чанад холын алсаас ч жаргал даллан хайрла
Чамайг гэсэн сэтгэлээр нарыг орлотол хайрла
Зоргоор гэнэн насаараа одод атаархтал хайрла
Золбоот хонгор түүнийхээ инээдийг бутартал хайрла


Сэтгэл нь хүлээтэй байлаа ч алдууртал нь хайрла
Сэмхэн догдлол нууцхан хайраас цэцэгс дэлгэртэл хайрла
Өнгөрч одсон он жилүүдийг дурсамжийн салхинд дайгаад
Өчигдрийн зүүдэлсэн зүүдийг эргээд иртэл нь хайрла.


Сэтгэлдээ тэнгэрийн нарыг багтаан хайрла
Сэргэлэн хонгор түүндээ амтат балыг исгэн хайрла
Итгэлдээ дурлалын галыг бадартал хайрла
Илч гэрлийн шидээр нь үүрдийн жаргал халгитал хайрла.

Тэр чам руу ирж яваа

Яг одоо дэргэд чинь алга байгаа ч

Яруухан дурсамжинд чинь дандаа л хамт байгаа

Ялгуун сарны дор холуур зөрж өнгөрсөн ч

Ялдам инээмсэглэл бэлэглэсээр зүүдэнд чинь тэр ирж яваа


Насандаа мартахааргүй хайрын түүхийг зүрхэнд чинь сийлсэн болохоор

Намар оройн уйтай бороонд сэтгэл энэлэн даарч зогсоо

Нандин эрхэм бүхэнтэй нь хамт л үлдсэн чамайг бодохоор

Нартад дахин учирах тавилангийн гинжинд бүдэрч босон алхаж яваа



Үргэлжид сэтгэлд чинь ойр байж бодлын шуургыг аргадан

Үерлэх нулимсандаа дурсамж сэдрээн нүдийг чинь үгүйлж байгаа

Өчнөөн цаг хугацаа энэ л чигээрээ ард хоцорлоо ч

Өр зүрхэнд чинь итгэлийн гал бэлэглэхээр тэр очиж яваа

Түүнийг минь хайраар битгий дутаагаач

Өнө мөнхөд сэтгэлд орших хайрыг нулимс болгон зангидаж
Өнчирч хоцорсон зүрхнийхээ гүнд би нууж үлдсэн юм
Өөрөөсөө хүртэл харамлаж хайрладаг хэрнээ
Өвөрт чинь эрхлэж жаргах байхаа гэж итгэж хүлээсэн юм

Түүнийг минь хайраар битгий дутаагаач бүсгүй минь

Нарны илчнээс ч дулаахан харцтай атлаа тэр
Намрын навч шиг хэврэгхэн биетэй
Тэнгэр мэт уужимхан, итгэл нь гал мэт дүрэлздэг ч
Тэвчээргүй хүүхэд шиг хөнгөхөн сэтгэлтэй
Ганцаардахаас үхтлээ айдаг эмзэг хэрнээ
Ганцхан үгэнд гомдож туньдаг зөрүүд ааштай
Түүнийг минь хайраар битгий дутаагаач бүсгүй минь
Шанхных нь үс цасанд дарагдах мэт цайрч
Шаналал, зовиур нүүрнийх нь үрчлээ бүхэнд тодорчихож
Саргүй шөнийг ч цоо гэрэлтүүлэм сайхан харцанд нь
Санааширал гуниг дүүрэн байхыг би хармааргүй байна
Түүнийг минь хайраар битгий дутаагаач бүсгүй минь
Хаяад л явчихсан даа гэж би гомдож чадахгүй байхад
Хажууд нь эрхлэж суугаа чи түүнийг минь хайраар битгий дутаа л даа

Шаналлаа гэж хэзээ ч битгий надад хэлээрэй шархалсан зүрх минь чиний зовлонг даахгүй байна

Би сэтгэлдээ дурлалын сүм барьж
Чи итгэлдээ хайрын хэрэм босгож
Чамруу би өдөр хоногийн эрхээр ойртож
Чи тэр нэгэн бүсгүйрүү сэтгэлийн жолоогоо алдаж
Нулимсаа нуун би чамайг хайрлаж
Нууцгайхан чи бусдад хөл алдан дурлаж
Хэн хэндээ хэлэлгүй хайрын торонд орооцолдож
Хэнэггүйхэн алхсаар цаг хугацааг элээсэн байна
Өөр хүнд хайртайг чинь мэдчихээд
Өдөржин ганцаараа буланд шигдэж суусан
Цасны амьсгаатай тэр гашуун өдрийг чи мэдээгүй
Цагаахан сэтгэлд минь толбо болж үлдсэнээ анзаараагүй
Дэндүү дэврүүхэн мөрөөдлөө би өөртөө хадгалж
Дэргэдээс чинь сэмээрхэн босоод явчихсан
Хайртынхаа дэргэд жаргаж сууг дээ гэж өөрийгөөн хуурсан
Хачин их гунигаан энгэртээ л тэврээд үлдсэн
Чиний хайрыг өөрийнхөө сэтгэлд мэдэрч
Чийг зуусан өвс шиг ганцаардлын манан дунд хоцорсон
Жаргаж л чадахгүй байсан юм бол
Жижигхэн зүрхийг минь чи юунд шархлуулсан юм?
Хайрттайгаа хамт инээмсэглэж амьдрахгүй л байсан юм бол
Хагацлын сүүдэрт жиндээж намайг юунд ганцааранг минь үлдээсэн юм?
Навч хүртэл хагдрахад эмзэглэдэг хэрнээ
Намайг яах гэж нулимсан бороон дунд орхиод явчихсан юм бэ?
Шаналлаа гэж хэзээ ч битгий надад хэлээрэй
Шархалсан зүрх минь чиний зовлонг даахгүй байна

Тэр минийх биш чинийх

Тэр намайг биш чамайг санан уярч
Тэсгэл алдахдаа зүрхэндээ үгэн сум зоож
Амьсгалаа түгжин чиний тухай бодож
Амраг сэтгэлийнхээ төлөө сэтгэлдээ уйлж байдаг юм
Тэр ганцхан чамайг хайрлаж, бас шаналж
Тэвчээр шалгасан дурлалын хөлд өлмий сөгдөн бөхийж
Сайхан чиний сүүдэрт ургаж,бас хагдарч
Саргүй шөнийн харанхуйг мөрөөдлөөрөө гийгүүлж амьдардаг юм
Тэр гарцаагүй чамруу л тэмүүлж
Тэнэгхэн, гэнэхэн итгэлдээ хайрын өргөө босгож
Гашуун үгэнд чинь зүрхээ цуулуулан байж
Ганцхан чамд л дурласныхаа төлөө шийтгүүлж амьдардаг юм
Амраг бүсгүйнхээ төлөө өөрийгөөн зольж чадах энэ хархүү
Аанай л надруу биш чамруу очиж байна
Алгаан тосоод үүдэн дээрээ угтаарай бүсгүй минь
Амьсгалд ч хиртэхээр цагаахан хайрыг нь хүлээж аваарай

зүгээр ч юм уу.

Хүсэл минь нэгэнтээ асан дүрэлзээд түр амарсан байна
Хүнийрхэж тунирхсан бүхэн минь эрийн цээнд хүрсэн байна
Хүүхэд шиг гэнэн мөрөөдөл минь үлгэрт хууртаад унтсан байна
Хүлээстэй юм шиг сэтгэл минь үнэнд дийлдээд ариуссан байна

Дуу минь зөөлөрч уянгын аялгуунд хөглөгдөн
Дурлалын дарсанд хөлчүүрхээд бас шартанхан
Дутуу бүхнийг гүйцээж хорвоогийн өнгийг танисан шиг
Дураараа, бүр хамгаас илүүрхэн эрх чөлөөгөөр наадаж байна.

Бодол минь гэнэхэн яг л бага насны өдрүүд шиг минь
Болзоонд яарахгүй тийм нэг амар амгалан
Бороотой үдшээр хэн нэгэнтэй хөтлөлцөн хамт алхалмаар
Болсон болоогүйг хамж хорвоогийн сониныг хуучилмаар...

Чамайг сэтгэлдээ даахгүй гунигтай явна гэж сонслоо

Дуу шиг цалгиж өнгөрсөн тэр өдрүүд
Сүү шиг хайраар мэлтэлзэж байсан ч
Бардамхан зандаа дийлдэн чи холын аянч шиг буцчихсан
Битүүхэн гомдлоо би даалгүй далавчаан гэмтээсэн
шувуу шиг л үлдсэн

Дурсамж дүүрэн гэгээхэн өдрүүдийг дээс адил хумиж
Дурсгал болгон чи бид хоёр хэн хэндээ бэлэглэчихсэн
Мартахын аргагүй энэ хайрыг би сэтгэлдээ нууж
Мартаж чадахгүй зовохдоо чи нууцхан шаналж
Хоног өдрийн уртад амрагийн дууг нулимстай аялж
Хоёр сэтгэлийнхээ үзүүрт бөөн цагаан гунигтай үлдсэн
Чамайгаа нойтон нүдтэй явна гэж зүүдэллээ
Чамайгаа норсон гунигтай байна гэж сонслоо
Аргадаад үл тайвширах, аашлаад үл буцах
Амьдралын их нугачаанд ганцаардаж байна гэж дууллаа
Хөх өвсний толгой бөхийхөд ч эмзэглэдэг
Хөндүүрхэн зүрхний минь чандад ганцхан чи л байгаа
Зовлон бүхнээс би чамайг цээжээрээн хаацайлж
Зоргоор гэнэхэн аашийг чинь тайтгаруулж өгье
Битгий гунигла даа амраг минь
Би чиний дэргэд байгаа гэж итгэж амьдраарай

Хацарт минь чиний ганцхан үнсэлт наалдаж үлдсэн байна...

Дэргэд минь чи алга, дэр минь өнчирч үлдсэн байна
Дэлгэж орхисон сэтгэлийн хаалга аль эрт хаагдчихсан байна
Гэрэл цацруулан орж ирсэн тэр хүн
Гараад явахдаа сүүдрээн хүртэл үлдээгээгүй байна
Халуухан тэвэрт нь наалдаж жаргадаг байсан хөөрүү сэтгэлийг
Харцанд нь уусаж эрхэлдэг байсан тунимхай нүдийг
Халуухан алганд нь бүлээсэж тайтгардаг тэр итгэлийг
Хачин их гуниж, хачин их тэмүүлсэн тэр дэврүүхэн бүсгүйг
Дүүрэн хайраар өөрийгөөн хөглөсөн хөнгөн гэнэн насыг
Дүрэлзэн асаж байсан хайрын галыг орхиод явчихаж
Дэрсний сүүдэрт хүртэл чамтай багтаж амьдарна гэж мөрөөдсөн
Дэврүүхэн тэр бодол минь царцаж эхлэж байна
Хацарт минь чиний ганцхан үнсэлт наалдаж үлдсэн байна
Халуун наранд ч үл бүлээсэх гунигтай харц чинь бас үлдсэн байна
Сайхан дурсамжуудыг минь баглаад үлдээчихэж
Санаж байгаа зүрхийг минь гашуун үгээр хүлчихэж
Салаа замын дундаас тэр эргээд явчихаж
Саяхан л дурлалын дуу цалгиж байсан энэ өрөөнд
Салхины саарал аялгуу л эрх чөлөөгөө эдлэж байна

Би чамайг өөрөөсөө нуучихсан


Бардам зангийнхаа чанадад нуучихсан
Баллуурдаад арилхааргүй дурсамжийнхаа цаана далдалчихсан
Дотогшоогоон залгидаг гашуун гунигтайгаа хамт
Доголон нулимсандаа ороогоогоод энгэртээ хадгалчихсан
Би чамайг
Зовох цагт гаргаж өөрийгөө гоёх гоёл
Жаргах цагт аялах дуу болгоод хадгалчихсан
Сайхан хайрын тухай энэ богинохон түүхийг
Салаа замын үзүүрт, санааширсан гунигтайгаа хамт өлгийдөөд орхичихсон

Сүүлчийн удаа...

Дахиж би хэн нэгэнд хөл алдан дурлаж
Даруухан, бас гунигтай нүдэнд уусаж
Салж чадахгүй салаа замын эхэн дээр догдолж
Сайхан хайрын тухай дуу аялан гэгэлзэхгүй
Дахиж би санааширан чамайг хүлээж
Дарвуулт завь их тэнгист хөл алдан живэх шиг дурлалд шатаж
Харцны чинь зөөлхөнд элгэмсэн дасаж
Хайр дурлалын тухай сайхан мөрөөдөлд автахгүй
Сүүлчийн галт тэрэгнээс хоцорчихсон холын гийчин шиг
Сүргээсээ салж үлдсэн тогорууны дэгдээхэй шиг
Ганцхан шар навч зууж үлдсэн нүцгэн улиас шиг
Ганцаардаж байна, миний сэтгэл даарч байна
Сүүлчийн удаа чамайг үнсээд явуулья
Сүйт бүсгүй дээр чинь хүргэж өгөг миний үнсэлт

Monday, January 10, 2011

Цаг хугацаа гэдэг...

Дэврүүн залуу нас баяр гунигийг шавхай шиг туучиж
Дэндүү их цаг хугацааг дэнгийн эрвээхэй шиг л шатаачихсан байна
Өнгөний сайхан үнэрийн тансагт дурлаж
Өчнөөн мянган хоногийг задгай мөнгө шиг тарааж орхисон байна
Цаг хугацаа гэдэг хулгайч эр халаасыг минь аль хэдийнээ тэмтэрч
Цав цагаахан итгэл дээр минь хүртэл сүүдрээ үлдээчихээд явчихсан байна
Дэргэд минь байх сайхан бүхнийг минь өмчилсөн тэр хулгайчтай
Дэрээ хүртэл хувааж, гучин жил амьдарсан байна
Хагацал зовлон, уйтгар гунигийг дусал нулимсаар үнэлж
Хөөр баяр, аз жаргалыг чимххэн инээдээр чимж
Дэврүүн залуу нас баяр гунигийг шавхай шиг туучиж
Дэндүү их цаг хугацааг дэнгийн эрвээхэй шиг л шатаачихсан байна

Хуучин цагийн амраг

Сул өвс нь дуулж л ургадаг өрөвчихөөн орчлонд

Сургийг чинь л дуулаад жаргаж явна

Худал үнэнийг ялгахаар өтөлсөн чиг байлуу залуухан насанд

Хуучин цагийн амраг чамайг үхэж л мартахаа би мэдэж байна

Ажаа нь үгүй залуухан явлаа

Аргадаад гуйхад дорхоноо буцаадаг омголон явлаа

Гундаа нь үгүй залуухан явлаа

Гуйгаад ирэхэд дорхоноо буцаадаг омголон явлаа

Зөндөө л гуйсандаа чи намайг

Зөөлөн бороо зүсэрсэн гүүн зэлнээ зүгээ хамт сүлжиж гуйсан

Зүрх минь ганцханд итгэж гуйсан

Аргадан аргадан дуулавч ааш нь олдоггүй хорвоо юм байна

Аргадаад л байсан амраг чинь аль цагийнх юмсан уу

Зоргоор зоргоор дуулавч зовлон даадаггүй хорвоо юм байна

Зовоогоод л байсан амраг чинь аль цагийнх юмсан уу

Хөтөл даваад л учирдаг цагаахан болзоонд

Хүрээд ирлээ гэсэн чинь зүүд юм байна

Уруул даваагүй уучлалаа одоо чамдаа хэлье гэтэл

Урьд шөнийн зүүд маань богинохон юм байна

Сул өвс нь хүртэл дуулж л ургадаг өрөвчихөөн орчлонд

Сургийг чинь л сонсоод уйлж явахаас даа...

Thursday, January 6, 2011

Чамдаа зориулж нэхлээ.. Чи минь зүүгээрэй...

Чилийтэл хүлээсэн өдрүүдийг утас болгон хөвж
Чамдаа би гоёлын ороолт нэхлээ
Халуухан дулаахан үнсэлтийг чинь шигтгэж өглөө
Хачин зөөлхөн, дур булаам харагдаж байна.
Чи заавал зүүгээрэй


Сүүлчийн удаа нууж унагасан нулимсыг чинь түүж
Сондор болгон үзүүрт нь хэлхлээ
Сүүдэртэй газар чи минь жиндэх бий вий гээд
Сүслэн хайрлаж чинийхээ хүзүүнд зүүж өглөө.
Чи минь бүү даараарай.

Үнэн сэтгэл, цагаахан гуниг шингэсэн ч
Үзэсгэлэнтэй гоё харагдаж байна...
Сайхан чиний энгэрт миний л өмнөөс эрхлэх
Салгуу заяаг аргадаж чиний л гарт хөлбөрөх энэ л ороолтыг
Гуниг аргадаж хэлхсэн юм шүү
Гомдлоо нууж нэхсэн юм шүү

Хүний нүднээс нууж яваарай хонгор минь
Хүйтэн салхинаас чамайг минь хамгаална
Хайрын тухай ганц ч бадаг дуу мэддэггүй
Харгис хөндий хүмүүсээс холхон яваарай...

Хагацъя даа амраг минь

Хайрт минь, чамайг зүүдэлж хүлээсэн өдрүүдийг сэтгэлийнхээ чандад нуугаад
Харгуй замын дундаас нь би буцлаа
Бэтгэртлээ шаналж, үгүйлдэг байсан тэр гунигт хайрыг
Бээлий суга татах шиг тайлах амархан байна гэж бодоогүй биз дээ
Би нулимс дүүрэн нүдтэй буцаж байна
Битгий намайг дуудаарай
Нэрийг чинь сонсоод л уярч догдолдог
Нууцлагхан энэ хайрын түүхийг сэтгэлийнхээ мухарт аргамжчихлаа
Энгэрийн алчуур шиг соличихлоо гэж эндүүрээгүй биз дээ
Эрх хонгор сэтгэлд минь мөсөн уул мөргөлдөж
Зангираад асгарах нулимсаа залгисаар байтал
Зовлонд шантардаггүй зүрх өвдөж байна
Холоо явчихсан гэж бодож хүлээгээрэй амраг минь
Хагацал дүүрэн учралд хөл битгий алдаарай

Бусдын тэвэрт эрхлэхдээ намайг битгий санаарай



Алс холын зам хатуу байж мэднэ үгийн зөөлнийг дэвсэж үдье
Амраг хайрт чинь няцаж мэднэ итгэлийн дээдийг өргөөд хоцорье
Салхи бороотой үдшүүдэд жиндэж мэднэ халуухан сэтгэлээ
чамд өргөе
Сар, нар ээлжлээд он цаг урсан өнгөрнө, санаж байвал уулзнаа гээд итгэж явья
Жаргал, зовлон ээлжилдэг ч гэсэн нулимсаан нууж яваарай амраг минь
Жаахан дурсамж, баахан гуниг хадгалж үлдсэн намайг мартаарай анд минь
Бүтэн сэтгэл, хиртээгүй итгэлээн хадгалж
Бусдын тэвэрт эрхлэж жаргахдаа намайг битгий дурсаарай

Хайртай гэж юунд надад хэлсэн юм бэ?


Хайртай гэж яах гэж хэлсэн юм
Хамтдаа л цуг өтөлнөө гэж юунд амласан юм
Дуунд сэмэрдэг сэтгэлтэйг минь
Дурсамжинд нялхардаг итгэлтэйг минь
Хүлээж цөхөрдөггүй хайртайг минь
Хясалд бууж өгдөггүй гэнэхэнийг минь мэдэхгүй биш дээ чи
Хэтэрхий бардам зантайг минь
Хээцэр үгэнд дургүйг минь
Гал шиг омголон ааштайг минь
Гол шиг номхон үгтэйг минь мэдэхгүй биш дээ чи
Шатаж дуусахгүй хайрыг сэтгэлдээ ноцоож
Шархалсан зүрхэндээ давс шиг гашуун түүх тээж
Насан эцэстлээ цээжиндээ тээх энэ л үгийг
Надад яах гэж хэлсэн юм бэ чи??

Чи алга байна

Чинад алсад гялалзах мянга мянган оддын дунд
Чиний харцыг гүйцэх гэрэлтэй од алга байна
Инээмсэглэл, нулимс дүүрэн энэ орчлонг уяраах сая сая дуунаас
Итгэл сэргээсэн чиний зөөлхөн үг шиг сайхан аялгуу алга байна

Амьдрал хэмээх дүүжин гүүр гэрэл сүүдэр даган савлалаа ч
Амжиж чамайг би олж харж чадахгүй байна
Лавай цагаан аялгуу орчлонг зөөллөн урсаж байвч
Лааны бүдэгхэн гэрэл шиг бяцхан зүрхийг минь уярааж чадахгүй байна
Гал мэт цаг хугацаа дүрэлзэн асаад гол мэт урсан өнгөрлөө ч
Ганцхан би чиний тухай л бодон санааширч байна
Амьсгалд ч хиртмээр тэр нимгэхэн дурсамж
Арвайн ширхэг шиг өдөр хоногийн эрхээр зузаарсаар байна
Бүтэлгүйхэн залуу насны бодолгүйхэн хайр минь
Бүүр түүрхэн цаг хугацааны нугачаанд нуугдаж үлдсэн байна
Алс холын замд гээгдэж үлдсэн аянч шувуу шиг
Амраг сэтгэл минь гунигийн манангаар дүүрэн байна
Ижлээ хүлээн санааширах өнчин сарны гэрлийг
Ижийн бүүвэй дуу л амь оруулан хөглөж байна
Насан туршидаа хадгалсан миний гэгээн дурсамжийг
Намрын хөх бороо хичнээн ч удаа угаав даа
Алаг эрээн энэ орчлонг өөрийнхөөр аргадаж дуулсан ч
Амраг минь чи л миний дэргэд алга байна

Tuesday, January 4, 2011

Би өөрийнхөөрөө үлдмээр байна

Аашилж загнаад ч нэмэргүй

Аргадаж гуйгаад ч хэрэггүй дээ хонгор минь

Адайр энэ хорвоод би өөрийнхөөрөө үлдмээр байна

Шарласан навчисын гунигийг зүрхэндээ дайж уйлдаг

Шаналсан сэтгэлийн уйг тархиараа мэдэрч гуньдаг

Бусдын төлөө унагаах нулимстай

Бурхны өмнө ч хэлэх үгтэй би өөрийнхөөрөө амьдармаар байна

Зүрх сэтгэлийнхээ чандад далдалж нуусан гунигтай

Зүгээр ч үгүй бас хайрын торонд аргамжаатай

Хээнцэр зан бардам төрхнөөс ангид

Хэтэрхий цайлган,бас хөнгөн дэврүүн өөрийнхөөрөө амьдармаар байна

Чихэр шиг нялуун үг, хэн нэгний амласан жаргалаас алгаа тосон царайчлахгүй

Чимээгүйхэн, эрх чөлөөтэй өөрийнхөөрөө үлдмээр байна

Бусдын амрагаар сэтгэлээ гоён өөрийгөө хуурч...

Элсний нүүдэл шиг чимээгүйхэн чамруу дөхсөөр

Эргээд буцах замаа олохгүй төөрчихөж

Ойртож хэзээ ч чадахгүй, холдож бүр ч чадахгүй

Ойлгомжгүй хэрнээ хачин нандин

Хайрлаж бас харамлаж байгаа хэрнээ

Хажууд чинь байж, харцанд чинь нялхамсаж эрхлэхгүй

Хагацлын тухай зөндөө боддог ч хаяад явж зүрхлэхгүй

Харуусал дүүрэн хайрын түүхийг хэзээ ч мартаж чадахгүй нь

Хүний харцнаас нуугдаж үнсдэг

Хүлээлээ гэж надад хэзээ ч хэлдэггүй

Саналаа гэдэг үгийг уруулнаасаа хэзээ ч унагадаггүй

Саллаа гэхэд минь хэзээ ч нулимс унагахгүй

Гар гараасаа хөтлөөд алхаж байгаа ч

Ганцхан хайртыгаа л санан гансардаг

Эзэнтэй энэ зүрх сэтгэлийн хаалгыг би манаж

Эргээд хэзээ нээгдэхийг нь хүлээж

Бусдын амрагаар сэтгэлээ гоён өөрийгөө хуурч

Будант үдшүүдийг цонхон дээрээ ганцаараа угтаж байна

Хайртыг чинь ганцхан удаа хулгайлчихлаа

Хайртыг чинь би ганцхан удаа хулгайлчихлаа

Хажууд чинь сууж жаргадаг тэр мөчөөс хэдхэн хоромыг авч

Халуухан үнсэлтнээс нэгхэн ширхэгийг өөрийнх болгочихлоо

Урсах нулимсаан дотогшоон залгиж байгаа ч

Уучлал гуйж чадахгүй байна бүсгүй минь

Хоног өдрийн уртад мөрөөдөж зүүдэлсэн тэр уруул

Хачин хүйтэн байсан итгээрэй

Нүгэл хийж байна гэж тэр залуу айсан байх

Нүдээ аниж уруул дээр минь ганцхан удаа үнссэн

Хагацалд бууж өгөхгүй байгаа намайг өрөвдсөн байх

Хацарт минь наалдчихаад салахгүй байгаа нулимсны сорвийг

Халуухан амьсгалаараа л ганцхан удаа хатааж өгсөн

Аюулхай цээжний цаана сэтгэл минь дэнсэлж байсан ч

Амтат үнсэлт яг л хатсан навчны үхэл шиг санагдаж байсан

Тэр ганцхан чамайг хайрладаг гэдэгт

Тэвчээргүй зүрх минь бууж өгсөн битгий эргэлзээрэй бүсгүй минь

Чи биднийг учруулсан хаврын цэцэрлэгт...

Чи биднийг учруулсан дурсгалын цэцэрлэгт

Чимээгүй гуниг айлчлан намар иржээ анд минь

Хайр дүүрэн үгийг чинь дуу алдан байж сонссон

Хайлаасны нялх мөчир миний сэтгэл шиг нүцгэрч байна

Арван жилийн тэртээх гэгээн гуниг хөглөж

Анхны хайрын цэцэрлэгт гав ганцаараа зугааллаа

Болзоондоо яарах гэнэн охин шиг сэтгэл минь догдловч

Бодолгүйхэн инээмсэглэсээр ирдэг чи минь энд алга

Зөндөө саналаа гэж чамайг би үнсэхгүй

Зөвхөн чамайг л хайрлана гэж чи надад амлахгүй

Бургас гөлөглөсөн хаврын цэцэрлэгт бидэн хоёр уулзахгүй

Буцаж ирэхгүй гэгээн өдрүүдийг хэн хэн нь мартахгүй

Хавар цаг хунгийн далавч мэт бүүдгэр өдөр хоногийн чанадаас айлчлахад

Хайр дүүрэн шүлгүүдээ ганцхан би чамд л зориулна

Үргэлж санах сэтгэлийн тэр ялнаас

Үхэж л ангижирахаа зүрхээрээ мэдэрнэ

Чи биднийг учруулсан хаврын цэцэрлэгт

Чимээгүй гуниг айлчлан, намар иржээ анд минь

Чи...

Хүний орчлон хэмээх зах хязгааргүй ертөнцөөс миний олж харсан хүн
Хүсэл мөрөөдлийн далайгаас миний олж шүүрсэн сувд
Хайр хэмээх цэцэрлэгт хүрээлэнд миний өөрийн гараар суулгасан үр
Хязгааргүй тэнгэрээс миний атгаж авсан од билээ

Чамаар би сэтгэлээ гоёж амьдарна

Цагаасаа эрт буцсан аянч шувуу шиг хайраа

Цагаахан сэтгэлдээ дурсамж болгоод хадгалчихлаа

Намар оройн бороо шиг сэтгэл жиндүүлсэн жижигхэн түүхийг

Надтай хамт авсанд орог гээд зүрхэндээ булшилчихлаа

Жаахан гунигтай баахан нулимстай энэ л хайр

Жаргах цагт зовлонг сануулах дурсамж болог

Уйлах цагт аялах дуу болог

Уйтгарлах цагт сэргээх эрч хүч болог

Шантрах үед урам нэмэх зориг болог

Шаналж ганцаардахын цагт ханилах хань минь байг

Урваж шарвахын гутамшгийг би нүдээрээ харсан

Уучлахгүй байж чадаагүй, өөрийгөө л зэмлэсэн

Мартаж чаддаггүй өр зүрхэндээ шаналал тээгээд

Маргаашийг хүлээн чамайг санаж зөндөө уйлсан

Чимээгүйхэн гуниглаад хэрэггүй дээ амраг минь

Чамаар би сэтгэлээ гоёж амьдарна

Шаналал дүүрэн хайр бэлэглэсний чинь төлөө

Шар навч шиг жижигхэн зүрхэндээ би чамайг оршуулчихсан

Хийсэн болгоныхоо хариуг хэзээд би хүлээнээ..


Худлаа ч гэлээ надад үнэнч юм шиг царайл л даа

Хуурч бас хүлээлгэж битгий зовоо л доо

Хүнийрхэж туниад чимээгүйхэн бүү алга бол л доо

Хэсэгхэн хугацаанд ч болов багаа бүү тайл л даа

Болохгүй тоглоомоор тоглосон гэдгээ би мэдэж байгаа

Боломж гарахаар л утасдана гэдгийг чинь санаж байгаа

Мэдсээр байж хүлээгээд байгаа сэтгэлийг яалтай

Минийх биш ч мөрөөдөөд байгаа хүслэнг яалтай

Өргөс шиг битгий хатга өөрөө би холдоноо

Өнөөдөр л биш ээ, битгий зугтаа өөрийн буруугаа хүлээнээ

Нэг л өдөр би эхэлсэн болгоноо дуусгаж

Нэр, утас, нилээдгүй олон дурсамжийг тэр чигт нь арчинаа

Харин тэр болтол намайг хүлээ, үгэнд сайн ор

Хааяахан ичгүүргүй болзоонд санаачилгатай бай

Харилцан ойлголцох, хүлээн зөвшөөрөх гээд ухаарал бүхэнд бэлэн байгаа болохоор

Хавар болж, цас ханзарч, шарх эдгэтэл хүлээ

Би чамаасаа өөрөө эхэлж холдоно оо хонгор минь...

Чи надаас явчихсан байна...

Сайхнаас сайхан намрын тэр үдшүүдийг

Салахдаан чи хаврын жихүүхэн өдрөөр сольчихсон байна

Намиран урсах цаг хугацааны галт тэргэнд чи суухдаа

Надад тийз авалгүй өөр бүсгүйтэй хамт явчихсан байна

Алчуур адил дэрвэх өдөр хоногууд тэртээ хоцорч

Амьдрал хэмээх голын эрэг дээр би ганцаараа үлдсэн байна

Сайхан дурсамжаар сэтгэлээн хөглөөд

Салхины эгшигээр гунигаан тайлаад

Урсах нулимсаар уруулаан чийглээд

Угтах маргаашийн зүг би ганцаараа алхаж байна

Чамайг хичнээн жил хүлээх юм бэ?

Ийм л бүүдгэр тэнгэрийн дор ганцаардаж

Итгэл, хүслээ намрын навч шиг тасарч унахыг харж

Сэрүүхэн салхинд зүрхээн жиндүүлж

Сэмхэн тээсэн гунигаан нуусаар чамайг хичнээн жил хүлээх юм бэ

Цас бороонд нулимсаан нуугаад

Царцанги амьдралын буулганд ганцаараа зүтгэж

Бусдын аялсан дууг нулимстай сонсож

Будант намрыг хэдэн удаа үдэх юм бэ

Борог өвсний гандах гундах тоогоор

Бодолдоон түүртэн зам даган бэдчиж

Төөрсөн эрэлчин замын хань хайн цөхрөх шиг

Төөнөх зүрхний цаадах дурсамжаа би хэнд дэлгэж үзүүлэх юм бэ

Яг одоо би түүнээс салаад харьж явна

Яг одоо би түүнээс салаад харьж явна

Яарах сандрах зүйл огт үгүйгээр хааяахан инээмсэглэн алхаж явна

Яагаад ч юм зүрх сэтгэл тэр чигээрээ хөндий хоосноор дүүрч

Ямартаа ч дахин уулзахгүйгээ өөрөө өөртөө амлаж явна


Амьдрал гэдэг хичнээн сайхан, чамаар лав дутахгүй

Аз жаргал гэдэг хичнээн үнэтэй, чи лав хэмжихгүй

Ахиад л би дурлалын ариун цэцэгсийг эргэн тойрондоо ургуулна

Алдаа оноо бүхэн минь тэднийг тэтгэх эрдэнэс нь болно

Утас чагнан уулзахыг хүлээх догдлол минь надад тэвчээр хайрласан

Ухаангүй тэмүүлж өөрийгөө мартсан сэтгэл минь надад зоригийг илгээсэн

Учрал бүхэнд дундуурхан үлдэх хүслэн минь надад үнэнийг шивнэсэн

Үнэндээ энэ бүхэн чи бидний уулзалтын төгсөх замыг нээж өгсөн

Тэгэхээр одоо би чамайгаа өөрөөсөө явуулахаар шийдсээн

Тэнэглэл, догдлол бүх зүйлийг мартан ардаа үлдээхээр болсон

Тэглээ гээд өчүүхэн төдий ч харамсал надад үгүй болохоор

Тийм их зан, хүйтэн инээмсэглэлээр дүүрэн чамдаа баяртай гэж хэлье.

дөрвөн мөртөөр...

Амьдралын эрээн барааныг

Асга хадтай зүйрлэх юм бол

Аугаа их хүмүүн дэргэд нь

Аалзны тор шиг чамин агаад хэврэг буюу


Зэрвэсхэн бодол зүүдний хөлөг

Зөн билэгт оюуны тайлал

Бодрол гунигийн эхэн үе

Богино хэдий ч мартагдашгүй мөч

* * *
Жүнзтэй сархад тасхийсэн инээдэнд

Хайр гэж байдаггүй ээ

Чимээ аниргүй нам гүм нандин бүхэнд

Хайр гэж байдаг юм

* * *
Эв нэгдэл гэдэг эрх чөлөөний хагас

Эцэс төгсгөлгүй амьдралын хотойх ёсгүй багана

Итгэл сэтгэл хоёрын минь үл үзэгдэх гагнаас

Инээмсэглэл байнга бэлэглэсэн урам зоригтой алхаа

* * *
Хайртай хэрнээ хайрлуулж чадаагүй

Хэнзхэн сэтгэлийн минь гэнэхэн хайрыг өршөө

Холыг харж ихийг мөрөөдөх хүсэл

Хожим надтай учрах хувь заяаг минь өршөө

* * *
Хүсэл мөрөөдөл зол заяагаа

Хүн өөрөө байлдаж олдог

Ховорхон жаргал сохорхон азаа

Хосгүй ухаанаар тэмцэж авдаг

* * *
Салан одох хөлийн чинь чимээнээр бүхнийг дуусгаад

Салан гансарч хойноос чинь би дуудахгүй

Салхи татуулан зөрөхдөө эргэн нэг хараарай

Санаандгүй учрал бүхэн надад ухааралыг илгээнэ

* * *
Амьдрал гэдэг санаснаар болдоггүй хатуу тоглоом

Аз нь таарвал сансарт дүүлмээр зөөлөн суудал

Арчаагүйдээ унагасан нулимсанд минь цадаж мэдэхгүй юм аа чи

Аяархан шивнэсэн хүсэлд минь уярч хариулахгүй юм аа чи

* * *
Сэтгэлийн минь угт асан дүрэлзэх оч

Чиний инээднээс гал болон дүрэлзэж

Итгэлийн минь гүнд алгуурхан босох сүм

Чиний инээднээс асар өндөрт тэмүүлнэм

* * *
Амьдралд бүдэрвэл чулуу бүхэн нь эрдэнэс болон хувирч

Алаг нүдэнд чинь нулимс торвол дусал бүхэн нь сувд болон чимж

Хүссэн санасан бүхэн чинь үлгэрийн гэмээр биелж

Хүлээсэн учирсан болгон чинь үлэмжийн хайраар ундаалаг

* * *
Зүгээр л байсан сэтгэлд минь оч харвах шиг орж ирсэн

Зүүдэлж хоносон шөнүүдэд минь огт гэмгүй инээж угтсан

Зүйрлэшгүй сайхан чамдаа хайрын сарнай урлаж

Зөрүүдэлж буцсан замд чинь цэцгэн гүүр болохсон

* * *
Зөрж өнгөрөөгүй таарч учирсан хувь заяа минь

Зүрх сийтгэлд түүх сийлсэн хүний хайлан минь

Алдаж бүдэрвэл тосож түших хатан тулгуур минь

Ариухан бүгдийн эзэн болсон алаг нүдэн минь

Чамдаа би хайртай

* * *
Нэг их зүйлийг тэсэн ядан мөрөөдөөд

Нэрэлхэж бас хааяа бардамнаж хэн нэгэнд хууртаад

Өнгө мөнгөний аль алинд хувь дутан бүдэрч

Өөрийг чинь гомдоож буй бол уучил би хүслээ шивнэсээр л яваа шүү

* * *
Хүний амьдралын баяр баясал, уйтгар гунигийг хуваалцах гэж

Хүсэл мөрөөдөл зөн совинг сонсох гэж

Хувь заяа надад гайхамшигтай хэдхэн найзыг илгээсэн

Хундага дарснаас эхлээд хүссэн болгоныг минь амласан ч би та нарыгаа
юугаар ч солихгүй ээ

* * *
Нүдэнд чинь хайр гэрэлтдэг болохоор харц чинь дэндүү ялдам

Сэтгэлд чинь гал дүрэлздэг болохоор бодол чинь дэндүү гэгээн

Итгэл чинь сүү шиг ариухан болохоор инээд чинь дэндүү энхрий

Эгэл жирийн надад энэ бүгд дэндүү бишрэм

* * *
Уйлвал нулимсны гашууныг зөөллөж дэргэд чинь би байя

Ухаалаг ярианд хачир нэмж дэврүүн бодлыг чинь хуваалцая

Хазайвал хажуугаас нь түших сүрлэг өндөр багана байя

Хамтдаа нөхөрлөх энэ л үерхэлдээ бурхан мэт үнэнч байя

* * *
Бодол бодлын гэгээнийг нь бороон дуслаар чамдаа илгээе

Хайр хайрын халуныг нь хачир нэмэн чам руу нисгэе

Зүрх зүрхний ариуныг зөвхөн чамдаа би өгье

Зүүд зүүдний гайхамшиг зүгээр л дандаа хамт байя

* * *
Хайр ямар их мэдрэмж өгдгийг

Халуухан зүрх ямар үед уяртал цохилдгийг

Дэндүү хожуу мэдэрч байгаа нас минь даанч хайран

Тэсгэлгүй ихээр санаж байгаа хүсэл минь даанч ичмээр

* * *
Үүрд намайг түших хонгорхон найз атлаа

Үнэн сэтгэлээ нууж хааяа юунд тунина вэ

Үргэлжид чамайг санах тэнэгхэн анд атлаа

Ухаангүй зан гаргаж хааяа юунд уйлна вэ

* * *
Хүсэл сэтгэлийн гал халуун уянга

Хүний орчлонгийн гайхамшигт нэгэн ундарга

Хүүхэд гэгч агуу агаад тэнгэрлиг бурхад

Хөөр баяр аз жаргал бэлэглэсэн

Хүний хайрын охь юм аа

* * *
Хэзээд би найз чинь болохоо бардамхан хэлье

Хичнээн жил өнгөрсөн ч хайртай гэдгээ нууцхан хэлье

Аливааг туулах тэвчээр итгэл чинь би байя

Амжилт баяр бүхний чинь тэргүүнд хамт байя

Би үргэлжид үнэнч найз чинь байя

Билгүүн төгөлдөр чинийхээ уянга яруу дуу нь байя

* * *
Эрхэмсэг ганган шувуу болоосой

Энгэрт чинь нууцхан хоргодохсон

Дуусашгүй аялгуу болоосой

Дулаахан үгстэйгээ хамт чихэнд чинь хоногшихсон

* * *
Сэтгэлийн цангааг тайлах бал бурмын

Сэрэхэд алга болчих бардам ихэмсэг харц

Халуун хайрын дарс адил гашуун агаад тансаг

Хааяахан галзууртал санагдах уруулд чинь би хайртай

* * *
Хан хурмастын илч юм уу даа надад ирсэн энэ их хайр

Харамлаж үл зүрхлэх гуниг юм уу даа энэ их зориг

Хожимдож учраад мөнхөд дээдлэгдсэн хүсэл минь

Холдон одлоо ч мөрөөдөлд шингэсэн жигүүр минь

Би чамайгаа мартаж үл чадна аа

* * *
Чи цэцэг шиг дэлгэрч яв, дандаа баясгалантай

Цэлмэг тэнгэр шиг амгалан бай, үлэмжийн гэгээлэг

Ариун хайраар бялхаж бай, өнө мөнхөд тэнгэрлиг

Аз жаргалаар дүүрэн алх, өлмийд чинь одод бүжиглэмээр

* * *
Холыг харж ихийг бодъё гэвч, ухаан хүрэхгүй нь ээ надад

Хонгор чамдаа сэтгэлээ дэлгэе гэвч, зориг гарахгүй нь ээ надаас

Чинийхээ хэлсэн үгээр өөрийгөө тэтгэн амьдралаа ч

Чин үнэнийг хэлэхэд би дотроо үхэж байна аа

* * *
Хичнээн цаг хугацаа улиран одлоо ч

Хэн алинд нь юу ч тохиолдож зориг мохлоо ч

Миний сэтгэлийн хатан жигүүрийн үл цуцан чамайг хайрлаж

Чиний итгэлийн халуун очис үргэлжид асан гал болон дүрэлзэг

* * *
Он жилүүд харвасан сум шиг өнгөрч

Омог төгөлдөр чи минь нэгэн насыг нэмлээ

Олдошгүй нандин бүгдийг чиний зүг нисгэж

Оргилуун дарсыг мянга мянган энэ л өдөр хамтдаа тулгая

* * *
Оргилуун мөрөөдлөөрөө жигүүр хийж хүслээ гүйцээн

Орчлонг би бусдаар атаархуулан байж туулахсан

Одтой тэнгэрийн дор итгэлээрээ бардам алхаж

Оломгүй ачтай ээждээ мөнхийн залуу нас хайрлахсан

* * *
Яагаад гэдгийг нь би хэлж мэдэхгүй нь

Ямар ч л гэсэн би чамд хайртай болчихжээ

Яана даа гэж бодох хэдий ч юунаас ч айхгүй болчих шиг

Ямартаа ч нэгэн бодол надаас салахаа болилоо

* * *
Даруухан үнсэх уруулын чинь амт

Дандаа надад гашуун бодогддог

Дасах тусмаа холдох амьдрал

Дандаа чамд гуниг үлдээдэг

* * *
Эргэлзэх бодолд чинь чамтайгаа хамт уусаж

Эмзэглэл бүхэнд чинь ухаарал болж үлдээсэй

Энгүй их хайраа наддаа зориулж хадгалсан

Эрхэм хүн та ганцхан минийх байгаасай

би ийм л хүн...

Тэсхийм хүйтэнд хөлчүү эр айл айлын хаалга тогших шиг

Тэсгэл алдан зүрх минь цээжээн дэлдэж

Шаналант хайрын тухай дуу аялан гэгэлзэж

Шархадсан араатан шиг чимээгүйхэн орилдог

Цэгнэж хэзээ ч бодож байгаагүй хайр минь буцахад

Цасан уул нурах шиг итгэлээн гээж үлддэг

Хагацал уйтгарын тухай нулимстай түүхийг сонсчихоод

Хувцсан дотроо би өвс шиг ганддаж хоцордог

Халуухан үг, дулаахан харцанд ээрэгдэж

Хүч түрэн далангаа сэтлэх үерийн ус шиг сэтгэл цалгидаг

Үе үехэн дусагнах намрын бороо шиг

Үерлэх гунигаан даалгүй үүлс шиг сэмэрдэг

Хүсэл минь огторгуйн уудамд тэнүүчлэвч

Хясал минь өөрийнхөө ертөнцөд л байгааг мэдэрдэг

Би ийм л хүн...

эхнэртэй түүнд

Хов хоосон өрөөнд ганцаараа суугаад

Хонгор минь чиний тухай бодлоо

Ханан дээр сэтгэлээрээ чиний хөргийг зурлаа

Хайртай гэдэг үгийг зүрхнийхээ гүнээс улаан өнгөөр сийлж үлдээлээ

Харцанд нуугдсан гунигийг чинь

Хагдарсан хөх яргуйн өнгөөр дүрсэллээ

Хайртай гэж худлаа хэлдэггүй уруулыг чинь

Хэзээ ч гарт баригдахгүй зэрэглээтэй зүйрлэлээ..

Ой тойноос минь одоо ч салахгүй байгаа нүдний чинь сайхныг

Охины чинь гарт наалдсан чихэрний өнгөөр будчихлаа

Энгэрт чинь наадаж эрхлэх тэр л хүслээ

Эхнэрийн чинь жаргалтай инээдний цаана нуучихлаа

Гайхуулж хэзээ ч болохгүй, гаргаж хэзээ ч чадахгүй

Ганцхан чамд дурласан энэ л хайрыг

Гэрийн чинь үүдэнд чулуу болгон ивлээ

Гэргий чинь өдөр бүр гишгэн чамд минь одоо очиж байгаа...

Цаг нь оройтсон болзоонд гоёлын даашинзгүй очиноо

Цаг нь оройтсон болзоонд гоёлын даашинзгүй очино

Цаанаа ханьтайг чинь мэдэж байгаа хойно нүдийг чинь харчихаад л буцна

Зүрх сэтгэлээн торонд нууж хийчихээд

Зүгээр л чинийхээ инээмсэглэхийг үзчихээд явна

Мянган шөнө зүүд манасан хайрын түүхийг

Мартчихсан гэж чамд би худлаа хэлнэ

Өөр хүнд хайртай гэж бас шинэ үлгэр зохионо

Өр зүрх минь эзэнтэй болчихсоон гэж чамд итгүүлнэ

Хоёр нүдний минь цаана нуугдаж байгаа нулимсыг

Хоргүй хуурамч инээдээр арчаад өнгөрөөнө

Догдолж шаналж дэнслэх сэтгэлээ аргамжиж

Дурсамж дүүрэн он цагийг ганцхан удаа эргэж харна

Урсгал зөөлхөн харцны чинь гэгээнд уусаж

Учирал хагацлын тухай жижигхэн түүхийг нэг хуудсаар нэмж

Баяр гуниг хоёрыг нэг ширээнд цуглуулж

Би чамтай сүүлчийн удаа уулзана

Хожимдож учирсан хайрыг өөрөөсөө ч нууж

Хонгор минь чиний царайг ганцхан удаа харчихаад л ирнээ...

тэр залуу эхнэртэй тэгсэн ч би хайртай

Яадгийм тэр залуу эхнэртэй

Ялдамхан зөөлхөн харцтай

Үнсэж аргадмаар улаахан уруултай

Үгүйлж санамаар дулаахан үгтэй

Нөмөрт нь хоргодож суумаар нэг л түшигтэй

Нүдэнд нь уусаж жаргамаар бүлээхэн сэтгэлтэй

Хажууд нь дуулж суумаар хөнгөн гунигтай

Халуухан итгэлийг нь аргадаж амьдармаар дэврүүхэн бодолтой

Арван долоон насны минь намар цаг шиг хайр минь

Надаас өөр сайхан бүсгүйг гэргий болгон сонгочихсон

Насны ганцхан учирлаа гэж дуулж суугаад үдчихсэн

Хэзээ ч үл хуучирах, хэзээ ч үл гандах

Хэнзхэн яргуй шиг хайрыг өөртөө үхтлээн хадгалахаар шийдсэн юм

Тэр залуу эхнэртэй

Тэгэхдээ би хайртай

намайг санаарай...

Хөв хөх тэнгэрт хачин их дуртай

Хөөрүү гэгэлгэн насыг минь битгий мартаарай

Сэтгэлээ дэлгэж чамруу л тэмүүлсэн

Санааширч уйлж, уярч догдолсон сайхан хайрын түүхийг битгий мартаарай

Мянган жил амьдрах ч биш дээ амраг минь

Миний сэтгэл надтай хамт л авслагдана

Борооны дараах солонго шиг богинохон

Борог өвсний амь шиг хэврэгхэн

Яргуйн хөх дэлбээ шиг эмзэг турьхан

Янаг хайрын түүх өөрөө дэндүү нимгэхэн

Өчүүхэн цөөхөн хоног би чамайг хайрлаж

Өвс ногооны бордоо болоод л орчлонгоос буцчихна

Зүрхээ сэмлэн чамд дурлаж, нулимс унагаж явсан

Зүггүй хайрын түүхийг тэр цагт хэн ч мэдэхгүй үлдэнэ

Гар гараасаа хөтлөөд он жилийг хамтдаа туулж

Ганцхан чамайг л хайрлах гэж тэмүүлсэн

Дэндүү гэгээн хайрыг минь битгий мартаарай

Дэвэргэн хөөрүү насны алдааг минь уучлаарай

Чамайг хайрлах гэсийм..

Хад хүртэл цуулдаг тэр хайрын хүчийг мэдэрч

Хачин зөрүүд чиний мөрийг чинь дэрлээд жаргах гэсийм

Ганцаардсан сэтгэлдээ мөрөөдлийн од харвуулж

Ганцхан удаа чиний энгэрт эрхлэж дуулах гэсийм

Хайруу өвлийн жавар шиг энэ хатуу амьдралаас зуны нарны илч хайж

Харамсал гуниг хоёрыг мартаад чамайг би хайрлах гэсийм

Зүрх сэтгэл чинь эзэнтэйг мэдсээр байж

Зөрүү заяаг аргадаж, дурлалын хөлд сөхөрч үзэх гэсийм

Гуниг баярын дэнсэн дээр чамтай хамт алхаж

Гучин насны босгон дээрээс ганцхан чамайг хайрлах гэсийм

Зүрх минь уйдсан цагт би орчлонгоос явна

Цаг хугацаанд бууж өгөөгүй миний цагаахан итгэл

Цаас шиг нимгэрсэн ч бутарч унахгүй

Чамтай хамт өнгөрүүлсэн зуун өдрийг

Чамгүй элээх мянга мянган шөнө би санаж явах болно

Зүүд хүртэл зөөллөдөг чиний энэ л хайраас

Зүрх минь уйдсан цагт би орчлонгоос явна..........

намайг хүлээгээч

Нөмөрт чинь хоргодоод жаахан сууя

Намайг дэргэдээсээ битгий явуулаач

Нүдийг чинь ширтээд хамтдаа алхая

Гараас минь чанга атгаач

Үгийг чинь чагнаад хажууд чинь сууя

Үймэртэл битгий санаа алдаач хонгор минь

Жавар дүүрэн энэ амьдралд чиний нөмөрт хоргодож

Жаахан ч гэсэн бүлээцэх гэсэн юм

Хахир хатуу энэ орчлонг

Хонгор минь чиний зөөлхөн харцаар бүлээсгэж амьдрах гэсэн юм

Салгуу амьдралын заяаг нэгтгэж

Сайхан хайрын гэрэлд сэтгэлээ зөөллөж суух гэсэн юм

Зөрөг замын дунд намайг хүлээгээч хайр минь

Зөвхөн чамруу л би очиж байна

одоо боллоо...

Харанхуй тэнгэр цуулан ганцхан од харвахад

Хажууд минь суугаа чамайг би олж харсан юм

Зүүд исгэж, сэтгэл хөндсөн тэр шар гэрэл

Зүрхэнд минь шингэж, тэнд үүрд үлдсэн юм

Хайртай гэдгээ нууж чадалгүй уйлж

Хагацана гэдгээ мэдэх тусмаа улам шунаж

Дуулж, уйлж, хайранд халамцсан зүрх согтуурч

Дусал нулимсандаа тайтгардаг байсан юм

Шүлэг тэрлэж, чамайг хүлээж

Шүүдэрт зунаар сэтгэлдээ зуд хоргодтол шаналж

Намар оройн бороо шиг хүйтэн бодолд хургаж

Намайг ирээд авна гэж битүүхэн итгэж

Зөндөө удаан чамайг санаж, уйлж

Зүрхэн чандад гунигаа нуулаа

Одоо боллоо чи өөр хүнийх гэдгийг би ойлгосон

Омголон сэтгэлээн би татаж авлаа

Зам замаа дагасан хүмүүний тавиланг аргадаж

Заяа заяагаа дагасан амьдралд өөртөө л итгэж үлдлээ

Сэтгэлдээ чамайг хайрласан юм, нүгэл гэж үү...

Нүүр нүдгүй дурсамжаар шуурах он цагийг мөрөөдлөөрөө гоёж

Нүцгэрч үлдсэн сэтгэлдээ навч нахиалтал түүнийг бодож

Алсын оддоос сургийг нь гаргах гэж нойргүй хонон

Амьдралын харгуйд зөвхөн өөрөө өөрийгөөн тайтгаруулж

Хэзээ ч минийх байгаагүй хүний үрд

Хэтэрхий их дасчихсан энэ нүгэл гэж үү

Сэтгэлээн дэлгэж шүлэг тэрлэж явснаас, өврөөн нээж байгаагүй

Сэрүүхэн үдэш ганцаардсан ч хаалгаан тайлж өгөхгүй

Эхнэртэй эрд сэтгэл татагдан дурласан

Энэ хайр тэгээд нүгэл юм гэж үү???

Битий санаарай миний амраг


Нууцхан шивнэсэн үгийг минь

Нуугдаж унагасан нулимсыг минь

Харамлаж хайрласан сэтгэлийг минь

Хагацал дагуулсан учирлыг минь битгий санаарай миний амраг

Уярч догдолсон сэтгэлийг

Ухаарал авчирсан өдрүүдийг

Гэгэлгэн дуутай, намуухан үдшүүдийг

Гэгэлзэж битгий дурсаарай миний хонгор

Энгэрийг чинь налж сэтгэлээн зөөллөдөг

Эршүүд тэгээд бас зөрүүд бүсгүйг

Санаа алдан байж чамд дурласныг

Санахын ч хэрэггүй мартаж орхи доо

Хатуу чулуу чи эр хүн..

Зүрхэнд минь суусан гунигийн манан

Зөвхөн чамайг л инээхэд нимгэрч байдгийм

Сэтгэлд хурсан хүйтэн жавар

Сайхан чиний ганцхан үнсэлтэнд бүлээсдгийм

Орь залуу нас баяр гуниг минь

Оргилуун хүсэл, дэврүүхэн мөрөөдөл минь

Алганы чинь хээтэй хамт шингэж

Амьдрал минь чиний нөмөрт багтаж явдаг юм

Сар жилийн уртыг хамтдаа туулж

Салхи бороонд чамтай хамт гандаж

Он жилийг жаргал зовлонтой нь цуг элээх гэж

Омголон дэврүүхэн хайраа би чиний хөлд дэвсэж өгсөн юм шүү

Хайранд минь хагаралгүй элэг нухах

Хатуу чулуу чи эр хүн...

Saturday, January 1, 2011

Надад ганцаардал л зохих юм гэж үү?

Нэг л мэдэхэд урсаж өнгөрсөн цаг хугацаа
Нэрийг чинь зүрхэн дээр минь хутгаар сийлж үлдээсэн байна
Үл мартахын зовлонд чин үнэнч сэтгэлийг минь даатгаж орхиод
Үнэндээ намайг ор сох мартчихсан байна
Мөрөөдөөд мөрөөдөөд биелээгүй хүслийг минь
Мөчидхөн хясал баллуурдаж хаяж чадаагүй байхад
Хацарт наалдсан уруулын чинь хээ бүдгэрч амжаагүй байхад
Хайртай гэж хэлсэн үг чинь өнөөдөр ч чихэнд сонсогдож байхад
Дулаахан харцыг чинь санаад өвлийн жаврыг үргээж байхад
Дутуу заяагаа аргадаад өдөр хоногийг өнгөрөөж байхад
Олон зуун шөнө зүүдэлж хүлээсэн учирлыг минь
Огт танихгүй бүсгүйн өвөрт бэлэглэчихсэн байна
Өрөвдөхийг мэддэггүй энэ л хувь тавилан
Өөрт минь зөвхөн ганцаардлыг л үлдээсэн байна

Цэнгийн тогоруутай хамт бусдын нутаг руу нисч байна


Харамсаж, шаналж, уйлж ханасаан амраг минь
Хагацал болоод хайрын тухай дуулахаан байчихсан
Зүгээр л чамайг өөрөөсөөн холдуулж
Зүггүй зүрхээ эрх чөлөөгөөр шагначихсан

Хачин хүйтэн дурсамжийн цонхийг дэлгэж
Хайр гэдэг мөнхийн торонд ганцаардаж байсан сэтгэлээ суллачихсан
Үймэртэл санаа алдуулах энэ дурлалын намтрыг хумиж
Үгээн хүртэл чамаас харамлаж үлдсэн
Гайхах хэрэггүй дээ одоо би өөр хүн болсон
Гал мэт дүрэлзэх залуу насаа тайлаад хаячихсан
Бадран асаж байсан энэ хайрыг баринтаглаж
Бардам омголон сэтгэлээ гэрийнхээ босгон дээр үлдээчихсэн
Цэнхэрхэн алчууранд нулимсаа боогоод хадгалчихсан
Цэнгийн тогоруутай хамт бусдын нутагруу би нисч байна