Saturday, December 18, 2010

Чамаас би явахгүй ээ...

Хуурамч юм аа энэ орчлон тэр чигээрээ
Хутганы ир мэт зүрх зүсэн шархлуулах атлаа
Хундага дарсанд халамцаж сэтгэл нялхраад ирэхлээр
Хуруун чинээхэн инээдээр гунигаа далдлаад сурчих юм

Амрагийн нүдийг нулимстай зүүдэлж хонохдоо
Аргадаж чадахгүйдээ нууцхан гуниглаж өөрөө л уйлсан
Хэлж чадахгүй хоргодох тэр нэгэн холын болзооноос
Хэсэгтээ л шувуу шиг дүүлэх эрх чөлөө ханхлуулж ирсэн

Үзтэл үл жаргах үхтэл үл мартах тэр хайрын цэцэрлэгт
Үгний чинь хээнд сүүн бороо мэт шиврэхийн тулд чамаас би явахгүй
Удтал давж үл гарах уулзтал даанч хол санагдах хонгор чамд
Уруулын чинь амтыг дарс адил хачирлахын тулд чамаас би холдохгүй ээ...

Thursday, December 9, 2010

Шарлаж амжилгүй хагдарсан жижигхэн навч шиг...


Дураараа омголон бардам ихэмсэг амьдармаар байна
Дурлалд хөлөө тушуулж зүрхээ жиндүүлж
Дусал нулимс шиг хэн нэгний алгаар шудруулж
Дуусахгүй хайрын түүхэнд хүлэгдэж суумааргүй байна
Яг л салхи шиг эрх чөлөөтэй амьдармаар байна
Ял гавьяа хоёрын дэнсэнд ээрүүлж
Хуурамч инээмсэглэлээр харцаа чимэглэн
Хоосон гунигаар өөрийгөө хүлмээргүй байна
Эцэж цуцахыг үл мэдэх далайн давлагаа шиг
Эрэмгий, бас түрэмгий амьдармаар байна
Сүүдэрт нуугдаж, нулимсаа дотогш нь залгиж
Сүүлчийн удаа гэдэг үгэнд насаараа итгэж
Өөрийгөө хууран өдөр хоногийг өнгөрөөж
Өнгөрсөн цаг хугацааг хүлээж амьдармааргүй байна
Шарлаж амжилгүй хагдарсан жижигхэн навч шиг
Шаналал гуниг хоёрыг мэдэрмээргүй байна
Уй гуниг, бас харуусал бүхнээс түрүүлж
Уйтгарт энэ орчлонгоос яг одоо буцмаар байна

уруулын чинь амт сэтгэлийг гижигдээд байна...

Зөөлхөн дулаахан уруулын чинь амт
Зөрүү тавиланг жаахан ч гэсэн аргадаж байна
Халуу төөнүүлсэн чиний харц
Хааяахан зүрх хөндүүрлэтэл санагдаж байна
Хайраа дагаад учирах ч биш дээ
Харцны чинь нөмөрт хоргодон дуу аялж үзье
Нөмөрт чинь суугаад дулаацах ч биш дээ
Нүгэлгүй хонгор сэтгэлээр хайраан дараад нуучихъя
Учрал хүсэн сэмхэн энүүхэндээ залбирч
Урагшлах замгүй тавиланг халамцуу голдуу туулмаар байна
Уулзалгүй, ярилгүй, бас харалгүй удах тусам
Уруулын чинь амт сэтгэл гижигдээд байна хайрт минь...

зүгээр л дураараа, зоргоороо наадмаар...

Зүгээр л санаа алдаж
Зүггүйхэн зүрхээ эрх чөлөөгөөр шагнамаар байна
Шил мэт бутарсан хайрыг эвлүүлж
Шийтгэл мэт санахын ялнаас өөрийгөө чөлөөлмөөр байна
Буцах шувуудын нулимстай өдөөр
Буцах хаяггүй захидал бичиж
Дүрсгүйхэн сэтгэлээ бас нэг удаа хуурч
Дүүрээд асгардаг нулимсаа эгшээмээр байна
Санчигний чинь үсээр тоглож жаргадаг
Салхи болон энгэр дээр чинь асгармаар байна

Sunday, December 5, 2010

.........

Дарс яг ус шиг амтагдаж байна

Дурлал яг хагацал шиг санагдаж байна

Хайрын чинь өргөөнөөс би зүрхэндээ гуниг тээгээд буцлаа

Хонгор минь битгий эргэж хараарай би уйлах гээд байна...

Чиний надад сөгнөсөн хайрын дарс



Ганцхан хундага тэр дарс

Гал шиг улаан өнгөтэй

Чихэр мэт амтлаг хэрнээ

Цус адил эхүүн үнэртэй

Уруулдаа дөнгөж л хүргээд буцаасан хундага дарс

Үүрд намайг шартуулж орхисон

Үхтэл санах ялд унагаасан

Үгүйлж шаналахын цөлд орхичихсон

Чиний хундгалсан хайрын дарс

Час улаан өнгөтэй байсан