Thursday, December 9, 2010

Шарлаж амжилгүй хагдарсан жижигхэн навч шиг...


Дураараа омголон бардам ихэмсэг амьдармаар байна
Дурлалд хөлөө тушуулж зүрхээ жиндүүлж
Дусал нулимс шиг хэн нэгний алгаар шудруулж
Дуусахгүй хайрын түүхэнд хүлэгдэж суумааргүй байна
Яг л салхи шиг эрх чөлөөтэй амьдармаар байна
Ял гавьяа хоёрын дэнсэнд ээрүүлж
Хуурамч инээмсэглэлээр харцаа чимэглэн
Хоосон гунигаар өөрийгөө хүлмээргүй байна
Эцэж цуцахыг үл мэдэх далайн давлагаа шиг
Эрэмгий, бас түрэмгий амьдармаар байна
Сүүдэрт нуугдаж, нулимсаа дотогш нь залгиж
Сүүлчийн удаа гэдэг үгэнд насаараа итгэж
Өөрийгөө хууран өдөр хоногийг өнгөрөөж
Өнгөрсөн цаг хугацааг хүлээж амьдармааргүй байна
Шарлаж амжилгүй хагдарсан жижигхэн навч шиг
Шаналал гуниг хоёрыг мэдэрмээргүй байна
Уй гуниг, бас харуусал бүхнээс түрүүлж
Уйтгарт энэ орчлонгоос яг одоо буцмаар байна

1 comment:

  1. Үүдийг чинь тогшиж тогшиж, өнөөдөр л нэг босго давж орж ирлээ. Өнөөх уй далласан, зүрх эгшээсэн урьдын танил шүлгүүдээ харахад сайхан байлаа

    ReplyDelete