Thursday, January 6, 2011

Чи алга байна

Чинад алсад гялалзах мянга мянган оддын дунд
Чиний харцыг гүйцэх гэрэлтэй од алга байна
Инээмсэглэл, нулимс дүүрэн энэ орчлонг уяраах сая сая дуунаас
Итгэл сэргээсэн чиний зөөлхөн үг шиг сайхан аялгуу алга байна

Амьдрал хэмээх дүүжин гүүр гэрэл сүүдэр даган савлалаа ч
Амжиж чамайг би олж харж чадахгүй байна
Лавай цагаан аялгуу орчлонг зөөллөн урсаж байвч
Лааны бүдэгхэн гэрэл шиг бяцхан зүрхийг минь уярааж чадахгүй байна
Гал мэт цаг хугацаа дүрэлзэн асаад гол мэт урсан өнгөрлөө ч
Ганцхан би чиний тухай л бодон санааширч байна
Амьсгалд ч хиртмээр тэр нимгэхэн дурсамж
Арвайн ширхэг шиг өдөр хоногийн эрхээр зузаарсаар байна
Бүтэлгүйхэн залуу насны бодолгүйхэн хайр минь
Бүүр түүрхэн цаг хугацааны нугачаанд нуугдаж үлдсэн байна
Алс холын замд гээгдэж үлдсэн аянч шувуу шиг
Амраг сэтгэл минь гунигийн манангаар дүүрэн байна
Ижлээ хүлээн санааширах өнчин сарны гэрлийг
Ижийн бүүвэй дуу л амь оруулан хөглөж байна
Насан туршидаа хадгалсан миний гэгээн дурсамжийг
Намрын хөх бороо хичнээн ч удаа угаав даа
Алаг эрээн энэ орчлонг өөрийнхөөр аргадаж дуулсан ч
Амраг минь чи л миний дэргэд алга байна

No comments:

Post a Comment