Thursday, January 6, 2011

Чамдаа зориулж нэхлээ.. Чи минь зүүгээрэй...

Чилийтэл хүлээсэн өдрүүдийг утас болгон хөвж
Чамдаа би гоёлын ороолт нэхлээ
Халуухан дулаахан үнсэлтийг чинь шигтгэж өглөө
Хачин зөөлхөн, дур булаам харагдаж байна.
Чи заавал зүүгээрэй


Сүүлчийн удаа нууж унагасан нулимсыг чинь түүж
Сондор болгон үзүүрт нь хэлхлээ
Сүүдэртэй газар чи минь жиндэх бий вий гээд
Сүслэн хайрлаж чинийхээ хүзүүнд зүүж өглөө.
Чи минь бүү даараарай.

Үнэн сэтгэл, цагаахан гуниг шингэсэн ч
Үзэсгэлэнтэй гоё харагдаж байна...
Сайхан чиний энгэрт миний л өмнөөс эрхлэх
Салгуу заяаг аргадаж чиний л гарт хөлбөрөх энэ л ороолтыг
Гуниг аргадаж хэлхсэн юм шүү
Гомдлоо нууж нэхсэн юм шүү

Хүний нүднээс нууж яваарай хонгор минь
Хүйтэн салхинаас чамайг минь хамгаална
Хайрын тухай ганц ч бадаг дуу мэддэггүй
Харгис хөндий хүмүүсээс холхон яваарай...

No comments:

Post a Comment