Tuesday, January 4, 2011

Цаг нь оройтсон болзоонд гоёлын даашинзгүй очиноо

Цаг нь оройтсон болзоонд гоёлын даашинзгүй очино

Цаанаа ханьтайг чинь мэдэж байгаа хойно нүдийг чинь харчихаад л буцна

Зүрх сэтгэлээн торонд нууж хийчихээд

Зүгээр л чинийхээ инээмсэглэхийг үзчихээд явна

Мянган шөнө зүүд манасан хайрын түүхийг

Мартчихсан гэж чамд би худлаа хэлнэ

Өөр хүнд хайртай гэж бас шинэ үлгэр зохионо

Өр зүрх минь эзэнтэй болчихсоон гэж чамд итгүүлнэ

Хоёр нүдний минь цаана нуугдаж байгаа нулимсыг

Хоргүй хуурамч инээдээр арчаад өнгөрөөнө

Догдолж шаналж дэнслэх сэтгэлээ аргамжиж

Дурсамж дүүрэн он цагийг ганцхан удаа эргэж харна

Урсгал зөөлхөн харцны чинь гэгээнд уусаж

Учирал хагацлын тухай жижигхэн түүхийг нэг хуудсаар нэмж

Баяр гуниг хоёрыг нэг ширээнд цуглуулж

Би чамтай сүүлчийн удаа уулзана

Хожимдож учирсан хайрыг өөрөөсөө ч нууж

Хонгор минь чиний царайг ганцхан удаа харчихаад л ирнээ...

No comments:

Post a Comment